Йогоор хичээллэсэн хүн уужуу тайван, амар амгалан болж, эрүүлжиж, чийрэгждэг. Биеийн йогоор зарим өвчнийг эдгээж болдог гэх юм.
Бясалгал, йог гэж юу вэ, ямар ялгаатай, түүгээр хичээллэх, түүнийг эзэмшихийн тулд хэрхэх вэ гэсэн асуултад хариу олохоор энэ талын үйл ажиллагаа явуулдаг зарим мэргэжилтэн, судлаачдын бичсэн, ярьсан зүйлээс уншиж, заримтай уулзаж ярилцлаа. “Шри Шри - Амьдрах ухаан” төвийн ерөнхийлөгч, бясалгалын багш, их эмч Ц.Саранцэцэг. Хүн өөрийнхөө оргиналь дүрээ олж харахын тулд бясалгал хийх шаардлагатай болдог. Энэ зууныг бясалгалын зуун гэж нэрлэж байна. Булчин шөрмөсөө хөгжүүлэхийн тулд дасгал хийдэг шиг бясалгалыг би оюун ухааны гимнастик гэж боддог. Уураг тархины хоол ч гэдэг юм билээ. Бясалгал нь хүний сэтгэлийг зөв хэлбэрт оруулж өөрийгөө захирч сурахад тусалдаг. Бясалгалын амт баярлаж талархсан сэтгэлээр мэдрэгддэг. Өөрөөр хэлбэл, баярласан сэтгэлийг бий болгохыг бясалгал гээд байгаа юм. Бясалгалын багш Д.Гантөгс. Бясалгал гэдэг нь ерөөсөө л амраах гэсэн үг юм. Хүмүүс бясалгал гэдэг бол анхаарал төвлөрөлт гэж ойлгоод байдаг. Энэ нь анхаарал төвлөрөлт биш. Бясалгалын үед хүн өөрийнхөө зөнгөөр амарч, үүний үр дүнд анхаарал нь төвлөрөмтгий болж ирдэг. Бясалгалыг сүүлийн үед хүмүүс их судалдаг болж, номноос уншаад бясалгал хийж байна, бясалгал зохиож байна гэж дуулдах юм. Бид биеэ өвдөхөөр эмчид очиж эмийг зохих тунгаар нь ууж эдгэдэгтэй адилхан бясалгалыг ч мөн мэргэшсэн хүнээр заалгаж, зөв хийх хэрэгтэй. Бясалгалыг буруу хийснээс болоод хүн гөлгөр, хүлцэнгүй, ямар ч идэвхи сонирхолгүй болох шинж ажиглагддаг. *Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн захирал, гавьяат эмч, Дхамма мангала бясалгалын төвийн тэргүүн Ж.Хатанбаатар Хүн гэдэг физик бие, бодит бие махбодийнхоо түвшинд зөвхөн бүгдийг ойлгож, бүгдийг шийддэг юм шиг өөрийгөө өнгөцхөн ойлгож байдаг. Гэтэл бид долоон давхарлаг биеэс бүтдэг. Хамгийн гадна талд бидний ярьдагчлан эрчим хүчний бие буюу эфирийн бие байна. Энэ нь идэвхтэй хэлбэрт 3-5 метрт цацарч байдаг. Идэвхгүй хэлбэрт 17-23 метр хүртэл нөлөөлж байдаг юм. Тэгээд бидний физик бодит бие, астрал орны бие, бодлын бие, үйлийн үрийн бие, сүнсэн бие, бодь гэгээрлийн бие байна. Тэгвэл өөрийгөө таньж мэдсэнээр, бясалгал хийснээр хамгийн энгийнээр тайлбарлахад эдгээр долоон биеэ мэдрэх, таних боломж олддог. Өөрийнхөө бие, сэтгэлийг өнгөц болоод нарийн түвшинд таньж мэдэрдэг. Хүн ердийн нөхцөлд бие махбодь, оюун санааны бүтцийн эхний дөрвөн орныг аль нэгэн шашны нэр дээр, ямар нэгэн зан үйл, арга засал, элдэв домоор засах боломжтой байдаг. Харин бие махбодь оюун санааны түвшин дэх сүүлийн гурван орны үйл ажиллагаатай холбоотой гажуудлыг зөвхөн бясалгалаас өөр зүйлээр засаж залруулах боломж туйлын бага юм. Бясалгалын мөн чанар гэвэл оюун санааг ариусгах явдал юм. Оюун санаа гэдэг нь миний ойлгож томъёолж байгаагаар энерги юм. Энергийг цэвэрлэнэ, эрчим хүчний төвшинг дээшлүүлнэ, хөгжүүлнэ гэсэн хоёр санаа үүдэн гарч байна. Тэгэхээр хүний хөгжил гэдэг бол энергийн хөгжил юм. Үүнтэй дүйцүүлэн бодвоос бясалгана гэдэг бол өөрийгөө хөгжүүлнэ гэсэн үг юм. А.Эйнштейний онолоор бол бид хөгжлийн өндөр төвшинд хүрснээр, энэхүү махан бодь болох материйг гэрэлд, гэрлийг буцаагаад материд хувиргах бололцоотой болдог. Чухамдаа энергийн энэхүү хуулийг бие дээрээ хэрэгжүүлсэн хүнийг гэгээрсэн хүн, энэхүү үйл явцыг гэгээрэл гэнэ. Одоо цагт бид гурван хэмжээст сэтгэлгээний дотор гурван хэмжээст ертөнцөд амьдарч, сэтгэж байдаг. Одоо, өнгөрсөн, ирээдүй гэсэн гурван цаг дээр бид сэтгэн бодож аж төрдөг гэсэн үг. Бидний амьдрал ч энэ гурван цагтай шууд хамааралтай. Хүн өөрөө эдгээр гурван цагийн бүтээгдэхүүн юм. Энергийн хуулийг бие дээрээ хэрэгжүүлсэн хүн гэдэг маань юу болох вэ гэвэл энэ гурван хэмжээст сэтгэлгээнээс цааш нэвтрэн гарч чадсан гэсэн үг юм. Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагваа: Бясалгалаас ийм тийм үр дүн гарна гэж шууд хэлж хорхойсуулах аргагүй юм. Ихэнх зүйлийн хариуг бид төсөөлж мэддэг шугаман сэтгэлгээний үйлдэлтэн юм. Энэ нь өнөөгийн шинжлэх ухааны гол арга, их хоцорсон зүйл. Өнөөгийн бүх хөгжлийн, түүний дотор хүмүүний хөгжлийн чөдөр тушаа юм байна. Дээд бясалгал гэдэг нь билгийн мэлмийг нээх ажиллагаа юм. Бусад аргаар гэгээрч болох ч гэгээрлийн дэс доогуур үлдэнэ. Өнөөгийн шинжлэх ухаан бүхэлдээ махан бодид төвлөрсөн учир мухардсан хэрэг. Энэ нь генийн үүсэлтэй физик бие, мах, цусны систем төдий юм. Түр настай, тордлого авах боломжгүй систем юм. Тийм болохоор ген /удамшил/-ийн кодыг бүрэн нээгээд ч, хүнийг хувилаад ч үр дүнгүй хэвээр байх болно. Ийм шалтгаанаар өнөөдөр хүн төрөлхтөн оносон философигүй, нийгмийн зөв онол хуульгүй, хүнтэй холбоотой бүхэн байгалийн хуулиас гадуур явагдаж, энэ хөгийн тоглоомондоо улайрч, материаллаг зүйл уруу үхэлдэн тэмүүлцгээж, бүр алалдаж байгаа хэрэг. Ингэж материаллаг ертөнцийн буюу зах зээлийн хуулийг хүний нийгмийн хууль мэтээр айхавтар ташаарсан хэрэг. Yүгээр хүмүүний үнэн төрх, мөн чанар дуусч байгаа юм. Ингэж хүн-роботыг хоёр зууны өмнөөс бүтээжээ. Тэр цагаас хүн сэхэл авах тэнхэлгүй, өндрөөс шидсэн чулуу шиг доройтож байна. Yүнийг дорны сургаальд “цөвүүн цаг” гэж нэрлэж. Энэ байдлаас гарах гол арга зам нь бясалгал гэгээрэл, ухаарал юм. Монголд гэхэд л оюун санааны дээд бясалгалаар 14000 гаруй хүн бясалгаж байгаагийн 70 хувь нь залуучууд байна. Энэ тоо сүүлийн хоёр жилд бий болсон хэрэг. Yүний цаана ёс суртахууны цэвэр ариуныг дээдэлсэн гайхамшигтай чанар цогцлон бүрэлдэж байгаа юм. Наанадаж л ийм багаасаа архи, тамхи, мах зэрэг бузар идээнээс хол амьдарч, амьтны амь таслах, худал хэлэх, хулгай хийх, садар самуун явах, хорт бодис хэрэглэх зэрэг таван нүглийг бие, хэл, сэтгэлээр насан турш тэвчихээр зориглож, эх орны ирээдүйн эзэд маань хээл хахууль бүү хэл зохисгүй орлогын хандивыг бясалгалын төвдөө ойртуулахааргүй ёс суртахууны эрхэм нандин замыг сонгож байна. Эх орноо, хувь заяагаа ийм хүмүүст эргэлзээгүй даатгаж болох цаг ойрхон байгаа нь Монгол орны их хувь заяа юм. Энэ бол ямар ч төр засгийн бодлого, хууль журмаар зохицуулах аргагүй хэрнээ дээд ухамсрын нөлөөгөөр нийтийг хамран дэлгэрч байгаа сайн үйлс залуусыг нийтлэг хамарч байгаагийнхаа хэрээр ирээдүйд чиглэсэн үнэлж баршгүй хөрөнгө оруулалт. Эдгээр ишлэлийг би өөрийн хэрээр хөнгөнөөс нь хүнд рүү нь эрэмбэллээ. Үүний учир нь бясалгал, йог гэдгийг ахуйн хэрэглээнээс эхлээд гүн ухааны тал руу нь хүртэл ойлгоосой гэсэн дээ тэр. Манайд бясалгалын хэд хэдэн төв ажиллаж хүссэн хүмүүст бясалгалын дасгал, бясалгах арга, эрүүл аж төрөх хичээл зааж байгаа юм. Тэдгээр төвүүд бясалгалын өөр өөр төрлүүдээр, харилцан адилгүй хугацаанд хичээллэдэг байна. Өдөрт хоёр цагаар зургаа хоног хичээллэдэг төв байхад 10 хоног байрлуулан, вакуумжсан орчинд бясалгалд сургадаг төвүүд бас байна. Эдгээр бясалгалууд нь хоорондоо ялгаатай, үүссэн цаг хугацаа, арга барил нь өөр ч аль ч бясалгалын хүнд өгдөг өгөөж бол наад зах нь бие эрүүлжих явдал ажээ. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хэмжээгээр дархлал сайжрах, нойр сайжрах гэх мэтээр биеийн чадавх нэмэгддэг байна. Эдгээр төвүүдийн нэг нь монголын Випашяна судлалын төв. Випашяна бол Энэтхэгийн хамгийн эртний бясалгалын арга ажээ. Хүн төрөлхтөн түүнийг мартагнан өнө удаан жил болсон ч одоогоос 2500 жилийн өмнө Бурхан Гоутам өөрийн биеэр дахин нээн илрүүлж чадсан байна. Тус төвийн тэргүүн, бясалгалын багш Д.Ширэндэвтэй ярилцлаа. - Йог, бясалгал гэж юуг хэлээд байна? - Йог хоёр янз байна. Нэг нь сэтгэлийн. Энэ нь бясалгалыг хэлж байгаа юм. Нөгөө нь биеийн гэж.  Энэ нь дасгал, хөдөлгөөнөөр зарим өвчнийг эмчлэх аргыг хэлж байгаа юм. Бясалгал гэдэг үг нь энэтхэг хэлэнд Вхавана сэтгэлийн сайн чанарыг хөгжүүлж, муу чанарыг арилгана ариусгах гэсэн утгатай. Түвдээр гом гэнэ. Сэтгэлийн муу чанар арилаад ирэхээр хүн аяндаа бусдыг хайрладаг, бусдын төлөө сэтгэл тавьдаг болдог. Биеэ эрүүл болгохын тулд йогийн биеийн дасгал хийж байгаатай адил сэтгэлээ эрүүлжүүлэхийн тулд сэтгэлийн йог буюу бясалгал хийж байгаа юм. Аливаа бүтэмжгүй зүйл, амьдралын бэрхшээл, саар бүхэнд сэтгэл зовох, уурлах, уцаарлах, бачимдах зэрэг нь сэтгэлийг ядрааж байдаг. Биеийн ядаргаагаа амралт, дасгал сургууль зэргээр тайлдаг бол сэтгэлд үүссэн тэр ядаргаа, хямарлууд давхарга болон хуримтлагдсаар зузаарсаар байдаг. Энэ бол бааранд орсноор, амарлтанд амарснаар нимгэрэхгүй. Компьютерт үүсгэсэн файл шиг хадгалагдаад явдаг. Сэтгэлийн өнгөн хэсэгт үүссэн давхрага нэмэгдсээр сэтгэлийн гүнд, генийн түвшинд хүрээд ирэхээр сэтгэлээс үүдэлтэй өвчин болдог байна. 1990-ээд оноос хойш голдуу эдийн засгийн асуудлаас болоод хүмүүс маш их стресст орж байна. Энэ зовлонгоосоо салах арга хайж бясалгалд суралцаж байна. Энэ хэрэгцээний дагуу бясалгалын олон төвүүд ажиллаж эхэлсэн. - Энэ олон бясалгалын төв хоорондоо ямар ялгаатай вэ? - Олон янзын бясалгалыг нээсэн цаг үе, хүмүүс нь өөр өөр байгаа. 2500 жилийн өмнөх бясалгал нэг өөр байхад, 500 жилийн өмнөх түүнээс өөр байна. Сүүлийн үед 20 дугаар зууны бясалгал гэж ч гарсан шүү дээ. Хүн төрөлхтөн зовлонгоос ангижрах эрэлд явж байх замдаа янз бүрийн аргыг нээж, хэрэглэж иржээ. Бүх бясалгал сайн бас муу талтай, арга техник нь өөр өөр. Нийтлэг нэг зорилго нь зовлонгоос гэтэлгэх, сэтгэлийн зовлонг арилгах явдал юм. Сэтгэлийн зовлон арилахад түүнээс үүдэлтэй өвчин арилдаг. - Бясалгалд яваад сайхан боллоо гэхэд нийгмийн нөгөө дарамт, нөлөө хэвээрээр байгаа шүү дээ. - Бясалгалд суусан хүн нийгмийн тэр дарамт, амьдралын асуудлуудад уужуу тайван ухаанаар ханддаг, сэтгэлээр унахгүй. Уужуу тайван байгаа хүн асуудлыг шийдэх арга замыг амархан, зөв олж чадна. Харин бясалгалд суугаагүй хүн амьдралын бэрхшээл, саар муу бүхэнд бухамдаж сандран зөв гарцыг олж чадахгүйд хүрдэг. Бясалгалын наад захын ач холбогдол энэ байна. Манай випашяна бясалгалыг хийдэг, хийдэггүй хоёр хүн өвдлөө гэхэд бясалгал хийдэггүй хүний өвчин нь олон дахин хүнд. Энэ нь сэтгэл нь давхар өвднө гэсэн үг юм. Санаа нь зовох, сэтгэлээр унах зэргээр бие болон сэтгэлийн өвчнийг давхар хүлээж авдаг гэсэн үг. Бясалгал сайн хийдэг хүн бол биеийн өвчин нь өвдөхөөс сэтгэлээр өвдөхгүй. Сэтгэлээр өвдөхгүй байна гэдэг тэр өвчний 80 хувийг алга болгож байна гэсэн үг юм. Энэ бол бясалгал хийдэг, хийдэггүй хүний нэг ялгаа. Випашяна бясалгал хийдэг хүн юмыг үнэн бодитой байгаагаар нь дүгнэж, өөрчлөлтөөс үүдэж гарах бэрхшээлд бодитой хандан түүнийг туулж чадна. Сайхныг сайхнаар нь мэдрээд мууг муухайгаар нь мэдэрч үргэлжийн тайван байдалд байж, зөв бодолтой зөв үйлдэлтэй байна. Компьютераар бол вирустээгүй гэсэн үг юм. Бясалгал хийдэггүй хүн вирүсний программгүй компьютераар ажиллахтай адил юм. - Сэтгэлийн өвчнийг бясалгалаар дарна гэлээ. Биеийн өвчнийг хамт дарахын тулд биеийн йогийг хослуулж болох уу? - Бясалгалаар эхлэн хичээллэж байхад биеийн йогийг давхар хийдэггүй. Бясалгалаар дотоод ертөнцдөө нэвтэрч, мэдэрч сурах гэж хичээж байгаа учраас тэр. Харин бясалгалд сурсныхаа дараа биеийн йогоор, тусгай багшаар заалган хичээллэж болох юм. Биеийн ойгоор сэтгэлийн үүдэлтэй бус өвчнийг эмчлэх тусгай дасгалууд байдаг - Випашяна бясалгалыг хийж болохгүй хүн гэж байх уу? Танай бясалгал ямар дүрэм, журмаар явагддаг талаар сонирхуулна уу? - Ямар нэг шашин шүтлэг, хүйс, насны хязгаар энэ бясалгалд байхгүй. Хүн бүр хийж болно. Анхлан сууж байгаа хүнд 10 хоногийн бясалгал орно. Энэ хугацаанд төв дээр байрлаад, хоорондоо ярихгүй, телевиз үзэх, ном сонин уншихгүй, утсаар ярихгүй. Гадаад ертөнцөөс таслагдана гэсэн үг Бясалгал хийж эхлэхэд амьтны амь хөнөөхгүй, хулгай хийхгүй, худал хэлэхгүй, хурьцал үйлдэхгүй, архи, тамхи зэрэг хортонг хэрэглэхгүй байх гэсэн таван сахил өгнө. Эхний гурав хоногт анхаарлаа төвлөрүүлэх дасгал заадаг. Бид дотоод руугаа биш гадаад тал руу гаа анхаарч сурсан байдаг болохоор үүнд суралцах тийм амар биш. Бэрхшээлтэй. Гэхдээ гурван өдрийн дотор анхаарал төвлөрч сурдаг. Ингэснээр сэтгэлийн өнгөн хэсэгт байгаа стрессийн давхарга арилж эхэлдэг. Дөрөв дэх өдрөөс эхлээд арав дах өдөр хүртэл сэтгэлийн гүнд байгаа стрессийн давхаргуудыг хэрхэн арилгах вэ гэдгийг заадаг. Энэ хугацаанд хүн асар их муу юмнаас салдаг. Хүн илт өөрчлөгддөг. Сэтгэл нь, бие нь хөнгөрдөг. Биенд байгаа муу зүйлийг мэс заслаар авч хаядаг шиг энэ бол сэтгэлд нь хийж байгаа мэс засал юм. Арав хоногийн дараа инээдээ барьж ядсан, гялалзсан хүмүүс гарч ирдэг. Гоё боллоо гэдгээ илэрхийлэх үгээ олж чаддаггүй. Амьдралдаа амсаж үзээгүй амгаланг эдэлсэн байдаг. Дэлхийн хамгийн сайхан амралтанд, тухайлбал Хавайн аралд гурван сар амарснаас илүү сайхан болдог. Арав хоногт шүү дээ. Өөрөө өөрийгөө цэвэрлэж байгаа дорно дахины бясалгалын оргил нь Випашяна бясалгал юм. Муу муухай юм, сэтгэлийн зовлон хуримтлагдсаар зөвхөн өөрийгөө боддог, уурлаж уцаарладаг, бусдыг хайрлахыг мэддэггүй хүн бий болдог байна. Сэтгэлийн зовлонгоос салсан хүн аяндаа бусдыг хайрладаг болдог. Өөрөө амгалан байгаа хүн бусдыг бас амгалан байгаасай гэж хүсдэг. Аав, ээж ах дүү нараа ийм сайхан болоосой гэж дагуулж ирдэг. - Бясалгалыг буруу ч юмуу, дутуу сурна гэж байх уу? - Бид хүнийг хүчээр авдаггүй, хүн өөрөө сууя гэж ирдэг учраас хүслээрээ ирсэн хүн сурахгүй гэж байхгүй. Манай бясалгалд олон мянган хүн суусан. Үр дүнгүй хоосон гарч байгаа хүн хараагүй. Хүний өөрийн чадавхаас шалтгаална л даа. Зарим сайн хийдэг хүн байна, зарим нь арай сулхан байхаас хоосон гардаг хүн байгаагүй. - Бясалгаж сурлаа гэхэд, өдөрт ямар дүрмээр хийж байвал тохиромжтой вэ? - Сэтгэлийн зовлонг нь арилгаад, хэрхэн амгалан тайван амьдрах аргыг нь зааж өгсөн учраас дараа нь тэр хүн өөрөө бясалгалаа үргэлжлүүлээд сэтгэлээ амар амгалан аваад явж чадна. Өдөржин ажилласан хүний бие болоод сэтгэл ядарсан байгаа. Тэр ядаргааг оройд нэг цаг бясалгал хийж тайлна. Тэгвэл тэр хүн шөнө сайхан амарна. Өглөөд дахин нэг цаг хийгээд яваад байхад муу зүйл хуримтлагдахгүй. Компьютераар бол вирусний программаа ажиллуулж байгаатай л адил гэсэн үг. - Бясалгалын янз бүрийн төвүүд байна.Зарим нь маш цөөхөн цагийн хөтөлбөртэй байх юм. Тийм цөөхөн цагт хүнийн сэтгэлийг ариусгаж, амар амгалан болгож амждаг л юм байх даа. - Бясалгалын олон төрөл тус бүр өөр өөрийн онцлогтой гэсэн шүү дээ. Түүнээсээ болдог байх. Гэхдээ хүмүүс төрөл бүрийн бизнес эрхэлж байна. Тэд хэнд, юу хэрэгтэй байгааг гярхай ажиглаж байна. Тэдний нүдэнд хүмүүсийн сэтгэлийн зовлон, стресс өртөхийг, түүгээр мөнгө олж байгааг үгүйсгэхгүй. Бясалгалаас жаахан юм сурч аваад, эсвэл өөрөө зохиогоод, хольж хутгаад заах явдал байна. Тэд хүмүүс зав муутай байгааг ч мэдэж байдаг. - Танай төлбөр хэд вэ? - Бидэнд бизнесийн зорилго байхгүй, бясалгалаа төлбөргүй явуулдаг. Бид нэг ч гэсэн монгол хүнийг сэтгэлийн зовлонгоос гэтэлгэх юмсан гэж боддог. Гудамжаар яваа хүмүүсийг ажиглаарай. Үнэнээсээ сэтгэл нь баяртай, баясч яваа хүн ховорхон байна. Тэр нь болохгүй, энэ нь бүтэхгүй нь гээд түмэн шалтгаанаар шаналж байна. Би энэ мэргэжлээр Энэтхэгт дээд сургууль төгссөн хүн. Би ч гэсэн тэдэн шиг зовж явсан, энэ бясалгалыг хийгээд зовлонгоосоо салсан. Би ард түмнийхээ ачаар Энэтхэгт суралцсан, энэ эрдэмд сурсан. Харин одоо түүнийхээ хариуд энэ аргыг бусдад зааж өгөхийг л хүсэж байна.
Newer news items:
Older news items:
|